Аврах тусгай анги олон улсад үүрэг гүйцэтгэх шилдэг аврах багтай болно

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/07/27 16:32
  1.  Аврагч сонины энэ удаагийн баярын дугаарын  “Зочны булан”-даа Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бригадын генерал Т.Бадралыг урин оролцууллаа. Танд Аврагч сонины зөвлөлийн өмнөөс Бригадын генерал цол хүртсэнд баяр хүргэе. Аврах тусгай ангид зочилсон таны сэтгэгдэл?

Баярлалаа. Аврах тусгай анги бол Онцгой байдлын албаны урдаа барьдаг, шилдэг, хамгийн өндөр түвшинд хүрсэн албан хаагчидтай анги. Ер нь Онцгой байдлын албыг Аврах тусгай ангигүйгээр төсөөлөхөд бэрх л дээ. Яагаад гэвэл орон нутагт болж байгаа томоохон хэмжээний ой, хээрийн түймэр, усны осол гэх мэт  гамшигт манай Аврах тусгай ангийн мэргэжлийн ур чадвартай албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Тусгай ангийн хамт олон байна гэдэг нь бусдаас дээгүүр үүрэг хариуцлага, мэргэжлийн ур чадварыг хэлнэ. Энэ үүргээ ч сайн биелүүлж, нэрээ өндөрт өргөн авч явж чадаж байгаа гэж миний хувьд боддог. Өнөөдрийн хувьд миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдоод таван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Албан ёсоор тус ангийнхаа үйл ажиллагаатай танилцаж байгаа анхны тохиолдол болж байна. Миний бодож, санаж яваа зүйлс маань хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Богино хугацаанд их ажил амжуулсан байна Д.Намсрай даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Д.Намсрай дарга бид хоёр олон жил мөр зэргэцэн хамтран ажиллаж байгаа. Би энэ хүнд итгэл хүлээлгэсэн. Энэ итгэл минь хоосон зүйл байгаагүйг би өнөөдөр харлаа. Ангийн албан хаагчдын нийгмийн асуудал, нэн ялангуяа ажиллах орчныг энэ богино хугацаанд хангалттай сайн хийж гүйцэтгэсэн байна.  

  1. Онцгой байдлын ерөнхий газрын хувьд Аврах тусгай анги хэрхэн тусгагдаж байгаа вэ? Тус ангийн үүрэг зориулалт, цаашдын чиг хандлагын талаарх таны бодол...?

Тусгай анги гэдэг утгаараа одоо байгаагаасаа илүү байх ёстой гэж боддог. Техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн дүүрэн хангагдсан байх, олон хоног хөдөө орон нутагт ажилладаг албан хаагчид тээврийн хэрэгслийн хувьд найдвартай хангалтаар хангагдсан байх ёстой. Тэгж байж бид үүрэг гүйцэтгэж чадна. Ер нь цаашдаа миний тавьж байгаа зорилт бол Аврах тусгай ангид олон улсад үүрэг гүйцэтгэх шилдэг албан хаагчдаас бүрдсэн багтай болно. Удахгүй бид сонгон шалгаруулалтаа хийнэ. Тэр баг маань 24 цагийн дотор дэлхийн аль өнцөгт гарсан том хэмжээний гамшигт хүрэн очиж үүрэг гүйцэтгэнэ. Энэ зорилтондоо бид  2017 он гэхэд хүрчих байх гэж бодож байна.

  1. Онцгой байдлын албаны цаашдын зорилтын талаар. 2020 он гэхэд ямар түвшинд байх бол?

Онцгой байдлын алба өнөөдрийн байгаа бүтэц, бүрэлдэхүүний хувьд ойролцоогоор 1000 орчим албан хаагчдаар хүрээгээ тэлэн нэмэгдэнэ. Бид шинэ хууль эрх зүйн орчинд ажиллах хэрэгтэй. Энэ алба бол хүнд алба. Ард түмний сайн сайхны төлөө бид ажилладаг. Тиймээс бид албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээлд хамруулна. Энэ бол хамгийн том зорилт байгаа юм. Дараагийн нэг зорилт бол 2020 он гэхэд ахлагч, офицер гэлтгүй бүгд дээд боловсролтой болох шаардлагыг тавьж байгаа. Яагаад гэвэл бид боловсролтой, мэдлэгтэй байж гэмээнэ ард түмний өмнө хүлээсэн үүргээ, ялангуяа гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангалттай биелүүлж чадна гэж үзэж байгаа. 2020 он хүртэл хэдийгээр богино хугацаа байгаа ч гэсэн бидний тавьсан зорилтууд биелэгдэнэ гэж үзэж байгаа. Бодлогын хувьд ч тэр, гамшгаас хамгаалах хор уршгийг арилгах чадавхийн хүрээнд ч тэр, урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд бидний тавьж буй зорилтууд биелэх боломжтой гэж би харж байна.

  1. Аврагч нарын мэргэжлийн бэлтгэл, ялангуяа гадаад улс орнуудад сургалтад хамрагдах шаардлагатай байдаг. Энэ талаарх таны бодол?

Бид нэг жилийн хугацаанд арваад албан хаагчийг бол гадаадад богино хэмжээний сургалтад бол хамруулдаг. Цаашдаа ер нь бол богино хугацааны сургалтаас илүү академик сургалтад Онцгой байдлын албан хаагчдыг сургана гэсэн зорилтыг тавин ажиллаж байна. Бакалавр, магистр, гамшгийн удирдлага, галын удирдлага болон бусад дагалдах мэргэжил гэж байдаг ар тал хангалтын чиглэлээр, эдийн засаг төлөвлөлтийн асуудал зэргээр сургах зорилттой байна.

  1. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг өгөх талаар яригдаж байгаа. Ямар шаардлагыг хангасан албан хаагчидад олгохоор төлөвлөж байгаа вэ?

Хамгийн шийдэгддэггүй, олон жил яригдаж байгаа асуудал энэ. Аврагч, гал сөнөөгч бол мэргэжил шүү дээ. Тиймээс зайлшгүй мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгох шаардлагатай. Тухайн аврагч олон жил ажиллах тусам туршлагажиж байдаг. Аварч байгаа хүндээ эмнэлэгийн анхны тусламжийг мэргэжлийн эмч иртэл хүргэж байх хэрэгтэй. Бид ур чадварын асуудал дээр нэн түрүүнд анхаарлаа хандуулна. Жил бүр ур чадвар дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Мэргэжлийн зэргийг олгоснооор ур чадвар, ажилласан жил, туршлага зэргээр нь нэгийг нөгөөгөөс нь ялган өгч байгаа юм. Удахгүй журам нь батлагдана.  

  1. Та тус албыг авснаас хойш Онцгой байдлын албанд багагүй зүйлсийг хийж байна. Албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Албан хаагчид бид нар зээлийн урьдчилгаанд 10%-ийг төлөөд байраа авах боломжтой гэж ойлгож байгаа.

Бидний хамгийн том хүсэл мөрөөдөл бол орон сууцтай болох байдаг. Өмнө нь бол орон сууцны зээлд хамрагдахын тулд урьдчилгаа болгож 30%-ийг төлдөг байсан. Одоо 10%-ийг төлөөд байранд орох боломжтой болж байна. Энэ нь ялангуяа төрийн албан хаагч бидэнд маш том боломж нээгдэж байгаа байгаа. Миний хувьд албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч орон сууцтай болгох тал дээр нилээд түлхүү ажиллаж байна. Завхан аймагт 24 айл, Ховд аймагт 20 айл, Төв аймагт 12 айл, Булган аймагт 12 айл, Дорнговь аймаг Замын Үүдэд 24 айлын орон сууц барих хөтөлбөр тус тус хэрэгжээд эхэлчихсэн явагдаж байна. Улаанбаатар хотод 300 айлын орон сууж барихаар төлөвлөж зөвшөөрлөө авч байна. Тус орон сууцны 1м2-ын үнийг 1,000000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхаар бодож гэрээгээ байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 300 айлын орон сууц гэдэг бол хангалттай тоо биш ч энэ хөтөлбөр цаашдаа хэрэгжин явагдах болно.

  1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсний баярын өдөр болох гэж байна. Та нийт бие бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүлнэ үү !

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсний 11 жилийн баяр болж байна. Бид өнгөрсөн жил 10 жилийн ойгоо сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн. 06 дугаар сарын 20-ны өдөр бол бидний баярын өдөр. Тиймээс Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Ард түмэндээ дээдлэгдэж
Тэнгэрт тэтгэгдэж яваарай!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ