Стресс нь тархийг агшаах, ой санамжаа алдахад хүргэх аюултай

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/11/29 13:47

Стресс хэмээх зүйл нь амьд яваа хүн болгонд хамаатай эрүүл мэндийн чухал ойлголт бөгөөд түүний үр дагаврын тухай ч та бүхэн өмнө нь багагүй сонссон биз ээ. Харин байнга стресс, уур бухимдал ихтэй байгаад байвал 50 нас хүрэхээсээ ч өмнө та ой санамжаа бага багаар алдах, тархи агших зэрэг хөнөөлт үр дүнг амсаж болох юм.
Стрессийн даавар буюу “кортизол” нь тархины үйл ажиллагаа, тархины хэмжээ, танин мэдэхүйн чадвар зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Хүнийг уурлаж, бухимдах үед “кортизол” хэмээх бөөрний дээд булчирхайн дааврын ялгаралт ихэсдэг. Кортизол нь бодисын солилцоог тэнцвэржүүлэх, бие дэх шимт бодисуудыг задлах, цусан дахь сахарын хэмжээг зохих түвшинд байлгах зэрэг чухал үүрэгтэй даавар юм. Харин стресс ихтэй бол хүний бие кортизолд тун мэдрэг болдог.


Хэцүү, бухимдмаар нөхцөл байдал дууссаны дараа кортизолын түвшин буурч, бие махбод хэвийн үйл ажиллагаандаа эргээд ордог. Харин иймэрхүү нөхцөл байдал удаан хугацаагаар үргэлжилбэл бачимдах, зүрх, толгой өвдөх, яваандаа жин нэмэх, хасах, нойргүйдэх болон анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, ой санамж муудах зэрэг нөлөөг үзүүлдэг. “Ялангуяа хүний тархи бол маш мэдрэг эрхтэн бөгөөд аль болох хэвийн үйл ажиллагааг нь л хангаж байх хэрэгтэй” хэмээн эрдэмтэд хэлсэн байна.
Тархины хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шим тэжээл болон хүчилтөрөгчөөр тогтмол хангаж байх хэрэгтэй. Харин стресс ихтэй байх үед тархинд очих ёстой бодисууд хомсдож эхэлдэг аж.


Стресс ой санамжид нөлөөлж байгааг хэрхэн тогтоосон бэ?
Техасын их сургуулийн эрүүл мэндийн төвийн эрдэмтэд стресс болон тархины ой санамжтай холбоотой хэсэг болох “гиппокампус”-ын холбоо хамаарлыг судалж үзсэн байна. Тэд сэтгэцийн хувьд эрүүл 45-70 насны 2000 орчим хүмүүсийн тархины MRI зургийг авч, сэтгэхүйн сорилтод оруулан найман жилийн турш туршилт, судалгаа хийжээ.
Судалгаанд оролцогчдын биеийн хэмжээ, нас, хүйс, дадал зуршил зэргийг тооцон стрессийн түвшнийг нь адил үнэлгээгээр бодож гаргасан байна. Ингэхэд “кортизол” буюу стрессийн дааврын ялгаралт өндөр байсан хүмүүсийн ой санамж муудаж байгаа үйл явц ажиглагджээ.
Стресс нь тархины бүтцэд ч бас нөлөөлдөг
Стресс ихтэй байх нь ой санамжийг муутгадгаас илүүтэйгээр судлаачдын сонирхлыг татсан үр дүн бол кортизол нь тархины бүтцийг өөрчилдөг явдал байжээ.
Стресс ихтэй байх нь тархийг ихээр гэмтээдэг байна. Тухайлбал, стресс ихтэй хүмүүсийн хувьд тархиных нь бодох, ярих, сэтгэл хөдлөл, булчингийн үйл ажиллагаатай холбоотой хэсэг болох их тархины гадар хэсэг нь харьцангуй жижиг байсан аж.
Түүнчлэн судлаачдын хэлснээр стрессээс ангижрах хамгийн шалгарсан арга нь дасгал хөдөлгөөн их хийж, идэвхтэй амьдрах явдал байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ