Б.Ууганбаяр: Аврагчид маань шороотой ус залгиад, дагжиран чичирч байсан

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/12 12:28

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 4 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан. Энэ сарын 6-ны өдрийн 12.55 цагийн үед Онцгой байдлын алба хаагчид осолдсон дөрөвдэх иргэний цогцсыг гарган авснаар эрэн хайх аврах ажиллагааг зогсоосон.

Ослын талбайд аврагчид ямар нөхцөлд хэрхэн ажилласан талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр /2019.03.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Тэрбээр “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан осолд Онцгой байдлын алба хаагчид ес хоногийг зарцуулж нийт 36 алба хаагч ажилласан. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал 78 метрийн өндөртэй гүнд орж эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Хана маш их мөстэй байсан. Гэтэл цаг агаар дулаарч байгаа учраас мөс хайлж, унаж байсан. Ус хананаасаа маш их хэмжээгээр байнга нэвтэрч байсан. Тйимээс осолдсон иргэдийг гаргаж авах баримжаа авахад хүндрэлтэй байсан. Тиймээс бид усны хамгаалалтлын далан байгуулсан. Ингэж усыг хаасан боловч далан нэвтрэлт үүссэн учраас ус соруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, 1000 гаруй метрийн урттай хоолой залгаж усыг сорууллаа.

 Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид 20-30 минут шумбалт хийгээд гарч ирээд дагжиран чичирч байсан. Мөн шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж, шумбагч нар шалбааг сорсноос шумбалтын тоног төхөөрөмж эвдэрч, түүнийг засахад нэлээдтэй цаг зарцуулж байсан. Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал. Өнөөдөртөө аврагчид маань залуу насны эрч хүчээр, тушаал биелүүлэх үүрэгтэй тул хүнд нөхцөлд ажилласан ч цаашид чөмөг хөлдөх ч эрсдэл дагуулах учраас шумбалтыг болиулсан. Усны түвшинг буулгасан ч уулнаас байнга ус тасралтгүй урсаж байсан учраас газар дээр нь өөр шийдвэр гаргах үүрэг надад оногдсон.

 Ямартай ч бульдозерийн гинж харагдаж байсан учраас эксковаторын шанагаар хутгаад гаргаад ирэх үүрэг өгсөн. Бид азтай. Осолдсон сүүлийн иргэнийг бүтэн олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн шүү. Үлдсэн хоёр техникийг гаргаж ирээгүй. Компанийн зүгээс техникээ гаргуулж авах шаардлага тавиагүй” гэлээ.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны стандартыг бий болгож ажиллахад анхаарах цаг хэдий нь болсон гэдгийг мэдээллийн төгсгөлд санууллаа.

 

Энэхүү осол газар хөдлөлттэй шууд холбоотой байна уу үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтооно. Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавин ажиллаж буй юм.

SHUUD.MN


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ