ХАВРЫН ШҮХРИЙН ДАДЛАГА, БУУЛТААР 38 АЛБА ХААГЧ 411 УДААГИЙН НИСЛЭГ БУУЛТ ХИЙЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/25 14:16

Үндэсний аврах бригадын  захирагчийн тушаалын дагуу 2019 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд шүхрийн зааварлагч, шүхэрчин-аврагч нарын бэлтгэл,  бэлэн байдлыг хангах, дадлагажуулах зорилгоор Агаарын ажиллагааны салбарын сургалт, үйлдвэрлэлийн нислэг буултыг  амжилттай зохион байгууллаа. 

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нийслэг буултын талбайд МИ-171 маягийн нисдэг тэргээр шүхрийн дадлага буултыг зохион байгуулж Үндэсний аврах бригадын 33 алба хаагч, Нийслэлийн аврах салбар 105-ын 5 албан хаагч нийт 411 удаагийн шүхрийн  нислэг буулт, агаараас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Агаарын ажиллагааны үеийн нислэгээр агаарын хөлгийн хэрэглэлийн хурд 100 км/ц, 600-2000 метрийн өндрөөс, өндрийн салхи 18-20 метр секунд, газрын салхи 1-8 метр секунд салхитай үед RL-16, RL-18, Para-Poil,Тандем, НАР шүхриүүдийг хагас албадан болон гар задаргаагаар задалж танилцах буулт, заагдсан бүсэд аюулгүй байдлаа хангаж буух буюу 75, 25, 10, 5  метрийн тойрогт  холбоочин аврагч, эмнэлэгийн зааварлагч нарыг хүн тээвэрлэгч шүхрээр авч   буух дасгалуудыг тус тус хийж гүйцэтгэсэлээ.

            Энэ удаагийн нислэг буултаар шинээр Онцгой байдлын гар задаргаатай  шүхрээр 1 алба хаагч бууж, мөн 3 алба хаагчийг   RL-18 маягийн далавч хэлбэрийн шүхэрт шилжүүлж, НАР шүхрээр 5 алба хаагчийг шинээр буулган сургаж дадлагажуулсан юм. 

Хүн тээвэрлэх /Тандем/ шүхрээр бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Б.Тэлмэн холбоочин-аврагч ахлах ахлагч С.Мөнгөншагайг, Хэт хөнгөн онгоцны нисгэгч, ахлах ахлагч М.Бэлгүтэй ахлах ахлагч Б.Баярсайхан нарыг тээвэрлэн  2000 метрийн өндрөөс шүхрийн буултыг осол авааргүй хийж гүйцэтгэснээрээ энэ удаагийн дадлага, буулт онцлог боллоо.

Мөн дадлага, буултын үеэр Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нийт 4 удаагийн  дадлага нислэгийг зохион байгуулсан юм.  

2019 оны хаврын  шүхрийн буултын дадлага, буултын бэлтгэл ажлын хүрээнд  шүхрийн онол, агаарын ажиллагааны заавар, шүхэр эвхэлтийн сургалтыг  207 цаг, шүхрийн удирдлага, газрын бэлтгэл, биеийн хүчний тусгай бэлтгэлээр 79 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан  бөгөөд  шүхрийн онол болон газрын бэлтгэлийн шалгалтад  хамрагдаж тэнцсэн алба хаагчид дадлага буултад оролцсон юм.   


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ