“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” энэ сарын 21-нд зохион байгуулагдана

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/19 09:34

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах ажлыг угтан Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюул ослын үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургалт энэ сарын 21-ний өдрийн 16.00 цагт орон даяар болох гэж байна.
Дадлага, сургалт нь хоёр үе шаттай байна. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарaхад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм.
Хоёр дахь дохио дуугарсaны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.
Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ