Дөрөвдүгээр сарын 25-аас өмнө ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ ТАВАН ЗҮЙЛ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/04/24 11:44

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температурын зөрүү хэт огцом өөрчлөгдөж, гамшигт үзэгдлийн тоо давтамж, цар хүрээ нэмэгдэх болсон. Нийслэл хотод газар хөдлөлтийн шинэ голомт илэрсэн зэрэгтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага оролцох ёстой бөгөөд 25-ны өдөр олон нийтийг хамарсан иж бүрэн сургууль зохион байгуулагдах юм.
Энэ үеэр иргэн таны заавал мэдэж байх ёстой зүйлсийг дор хүргэж байна.
НЭГ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн бүрэн хаагдана
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй. Энэ нь газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаатай холбоотой юм.
Иймд тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг “МИАТ” ТӨХК-аас анхааруулаад байна. “МИАТ” ТӨХК 25-ны Пүрэв гарагт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.
Замын хөдөлгөөн хаасан үеэр түргэн тусламж, цагдаа, Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.
ХОЁР. Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүйн талбайд цуглана
Дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой.
ГУРАВ. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа
Ажлын цаг замын хөдөлгөөн эхэлснээс хойш 30 минутын дараа буюу 10:00 цагт эхэлж, 19:00 цагт дуусна. Нийтийн тээвэр, сургуулийн автобус 09:30 цагаас эхлэл цэгээс хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.
ДӨРӨВ. Гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдах өдрүүд буюу энэ сарын 24, 25, 26-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон.
ТАВ. Орон сууцанд амьдардаг бүх айл иж бүрэн сургуульд оролцоно
Нийслэлийн орон сууцанд амьдардаг бүх айлд тус иж бүрэн сургуульд оролцох тухай “Таниулах хуудас” тарааж байгаа. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуульд оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Тэрхүү тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой.
Аюулгүй талбайн байршлыг доороос харна уу.


 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ