МЭНДЧИЛГЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/06/20 10:42

Онцгой байдлын албаны өнгөрсөн, өнөө, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулж төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч, албан хаагчиддаа Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба шинэ тогтолцоонд орж үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Түүх гэдэг он цагийн дарааллын баримт юм. Тодорхой орон зай, цаг хугацааг хамаарч, нийгмийн хөгжлийг өгүүлж байдаг түүхийн хуудсыг үнэнзөвөөр тайлбарлан бичиж дурсан санах, үнэлэлт дүгнэлт хийж, төлөвлөх, алдаанаасаа суралцах нь түүхийг хойч үедээ үлдээх томоохон ач холбогдолтой. 
Онцгой байдлын албаны хувьд ч өөрийн гэсэн үүсэл хөгжил, намтар, өнө зузаан түүхэн замнал бий.
Бид бүхэн түүхийн хуудаснаа бахархам түүхтэй, дуурсах алдартай, бахдам амжилттайгаар өнөөдрийн өндөрлөгт хүрч, энэхүү түүхийн хуудсыг хамтдаа сөхөж буйд баяртай байна. 
Арван таван жилийн ойн баяраа бахдан тэмдэглэж байгаа энэ өдрөөс эргэн харвал, 15 жил гэдэг түүхийн хэлхээс зурвасхан үе мэт боловч Онцгой байдлын албаны хувьд гамшгаас хамгаалах тогтолцоог бий болгосон, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлсэн, амжилт бүтээл, алдар хүндэтгэлийг дагуулсан, ард иргэддээ түргэн шуурхай чадварлаг үйлчилж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн нөр их хөдөлмөрийн он жилүүд байлаа.
Төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч байж алхам бүртээ эрсдэл дагуулсан ажил албыг эрхэлж байдаг бидний өмнө тулгарсан гамшиг аюул, бэрхшээл багагүй байсан.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас гадна Монголын ард иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын тэгш оролцоо, үүрэг хариуцлага, харилцан хамтын ажиллагаан дээр тулгуурладаг гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулсан.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд байнга хамтран ажилладаг гамшгаас хамгаалах улсын албад, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, Монголын нийт ард иргэддээ талархал илэрхийлье.
Бид бүхэн байгалийн аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлс, гамшгийн төрлүүдтэй нүүр тулан тэмцэж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж гамшгийн аюулаас ард иргэд, байгаль орчноо авран хамгаалах ариун үйлсэд үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн эрэлхэг, дайчин аврагч, гал сөнөөгчдийнхөө гэгээн дурсгалыг марталгүй, тэднийхээ гавъяат үйлсээр бахархаж явдаг юм.
Ийнхүү Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа ахмадууд, одоо ажиллаж байгаа албан хаагчид, офицер, ахлагч, ар гэрийнхэн та бүхэндээ Онцгой байдлын албаны түүхт 15 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг Онцгой бадлын ерөнхий газрын харъяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, цэргийн гавьяаны улаан тугийн одонт ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН хамт олноос мэндчилье.
Мөнхөд бадрах Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ