SOS: КОРОНАВИРУСИЙН УЛМААС ДЭЛХИЙ ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/01/31 14:12

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байна.
Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн шөнө /2020.01.31/ хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд “Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа.
Ийнхүү эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм.
ДЭМБ-ийн дарга Тедрос Аданом Гебреисус яаралтай хурлын үеэр “Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна” хэмээн онцлон дурджээ.
Эрүүл мэндийг хамгаалах олон улсын хамгийн том байгууллага болох ДЭМБ нь нэгдүгээр сарын 22-ны өдөр коронавирусын асуудлаар анх удаа яаралтай хурал зарлан хуралдсан ч тухайн үед өвчний дэгдэлт харьцангуй бага, хангалттай мэдээлэл байхгүй байна гэж үзээд онц байдал зарлалгүй, анхааралтай ажиглах шийдвэр гаргаж байв.
Одоогоор Хятад улсаас гадна дэлхийн 22 улсад уг өвчний халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ