ХЭНЭГГҮЙ ЗАН Л ГАЙ ТАРИНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/09 08:30

“Амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь, өвчлөл гарсан бүс нутаг рүү битгий зорч, халдвар гарсан бүсээс ирсэн бол өөрийгөө 14 хоног тусгаарла”. Ийм мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан ч монголчууд сэрэмж авсангүй.

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл халдварын тархалт буурч, хөл хориог цуцалтал ядаж өвчлөл гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг иргэдээс гуйхад хүрэв. Тэрбээр “Италиас 27, Иранаас 12 улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдсөн. Энэ нь манай ард иргэд онцын шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй гэдгийг уриалахыг хүсэж байна. Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудын 50 гаруй хувьд шинэ коронавируст халдвар нэгэнт илэрлээ. Зарим орны хувьд бусад оронд зөөвөрлөгдөх бодит эрсдэл байгаа учраас ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл гадны аль ч улс орон руу зорчихгүй байж, тэсээч ээ гэдгийг хэлмээр байна” хэмээв.

Дэлхийг цочроосон коронавируст халдвар хүрээгээ улам тэлсээр байгаа энэ цаг үед БНСУ, Итали, Франц зэрэг халдвар гарсан улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлсээр байтал эдгээр улс орнуудаар зорчсоор байгаа нь өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж буйгаас ялгаа байхгүй.

Үхлийн аюултай өвчин дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдээд байхад монголчууд л халдвар гарсан бүс нутгаас Москвагаар дамжиж, эх орныхоо хилийн дээсийг алхахдаа төрийн алба хаагчдыг үл тоомсорлон эмнэлгийн хяналтад орохгүй гэж гөжүүдлэн зугтаах, ажил руугаа шууд явах зэрэг зөрчил гарсаар байна.

Энэ сарын 6-ны өдөр Москвагаар дамжин ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсад зорчсоноо нуусан төдийгүй тусгаарлах байр луу биш ажил руугаа шууд явсан болохыг холбогдох байгууллагаас тогтоосон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй нэгэн зорчигч онгоцны буудалд газардсан даруйдаа Налайх руу зугтаж, тусгаарлагдсан иргэдийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчлүүд гаргасаар байгаа нь хувь хүний хариуцлагатай салшгүй холбоотой. Тэр бүү хэл энэ сарын 03-ны өдрөөс улс хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор хяналтын постуудад зорчигчдын халууныг хэмжиж буй.

Налайхын хяналтын постоор гэхэд дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолоочдоос жийптэй “ах” нар л тэдний шаардлагыг үл тоон халуунаа хэмжүүлж, асуумж бөглөхгүй зөрчил гаргаж байгааг тус постод ажиллаж буй холбогдох албаныхан хэлж байгаа юм. Иргэний үүргээ ухамсарласан ч тэр, төрийн алба хаагчдын цаг наргүй ажлыг хүндэтгэсэн ч тэр хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх учиртай.

Хэдийгээр Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч буй нь бид сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулж буйн дохио.

Коронавируст халдварын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсээр байгаа ч шинжилгээний хариу азаар сөрөг гарсаар байна. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 09-ний өдрөөс хойш 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 500 орчим хүн тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа юм. Гэвч тусгаарлах байранд буй иргэд халуунаа хэмжүүлэхгүй, архидан согтуурах гэх мэт зөрчил гаргасаар байгаа тул хатуу хариуцлага тооцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулахад хүрэв.

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг үг бий. Үхэл баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил монгол хүн коронавируст халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв Covid-19-ийн халдвар бүртгэгдвэл маш хүнд нөхцөл байдал үүснэ. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол халдвар хаалга тогшилгүй хойморт залрахад тун ойрхон байна.

Эх сурвалж: news.mn


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ