ОХУ, ЕВРОПЫН ХОЛБОО, КАНАД ХИЛЭЭ БҮРЭН ХААЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/17 09:42

Шинэ төрлийн коронавирусийн сүүдэр Европын орнуудыг нөмөрч байна. Тиймээс өвчний дэгдэлтийг хянах үүднээс Европын холбоо гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Түүнчлэн Канад, ОХУ ч мөн ижил шийдвэр гаргасан байна.

“Covid-19” халдварын улмаас дэлхий даяар нэг өдрийн дотор 638 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 7157 болсон ба 12848 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 182438 болов. Нийт шинэ тохиолдол болон нас баралтын дийлэнх хувь нь Итали, Испани, Герман, Франц зэрэг Европын орнууд болон Иран, Өмнөд Солонгос, АНУ-д бүртгэгджээ. АНУ-д гэхэд нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглосон бол Австрид таваас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон байна.

Канад

Канадын хувьд АНУ-аас бусад бүх улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй. Иймд ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо уриалжээ. Үүнээс гадна дипломатчид, нисэх онгоцны багийн гишүүд, Канадын иргэний гэр бүлийн гишүүдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх аж. Тус улсад 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 441 болж, есөн хүн нас баржээ.

Европын холбоо
Европын Коммисс коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс гишүүн орнууд руугаа нэг сарын турш гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх санал гаргажээ. Уг шийдвэрийг өнөөдөр /2020.03.17/ Европын Холбооны гишүүн улсууд хэлэлцэж, олонх нь дэмжвэл ажил хэрэг болох аж. Гэхдээ энэ хориг коронавирусийн эсрэг тэмцэж буй эмч эмнэлгийн ажилтнуудад хамаарахгүй.

ОХУ

ОХУ-ын засгийн газар мөн түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлажээ. Шийдвэр маргаашнаас /2020.03.18/ эхлэн мөрдөгдөх бөгөөд тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хоригт дипломат албаныхан, нисэх онгоцны багийн гишүүд, олон улсын ачаа тээврийн жолооч нар, оршуулгын арга хэмжээнд оролцох хүмүүс хамаарахгүй юм байна.

Эх сурвалж: WORLDOMETERS, CNN, BBC


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297