ЭМЯ: Иргэд хоолоо голж, тусгаарлагдах байранд зодолдож байна

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/31 11:40

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжиж байгаа тул амны хаалт зүүхийг ДЭМБ-аас зөвлөж буй билээ. Мөн өтгөн мөрийн замаар халдвар тархах магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Монгол Улсын хувьд урин дулааны улиралд хөрсний бохирдлын үед бохирын цооног, ил задгай нүхэн жорлонг ариутгах шаардлагатайг анхаарууллаа. Иргэдэд нойлын суултуурын усаа тагийг нь хаасны дараа татахыг зөвлөв. Түүнчлэн коронавирусийн халдвараар 0-15 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байгааг анхаарууллаа. Өвчний шинж тэмдэг 10-15 хоногийн дараа илэрдэг байсан бол 21 хоногт илрэх тохиолдол байна гэв.

ЭМЧЭЭРЭЭ ХООЛ ЗӨӨЛГӨДӨГ УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

 

Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлагдаад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн, ажиглалтад авч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тогтмол цахимаар харилцаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэл авсан долоон хүн зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлж байна. Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна.

Коронавирус бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой. Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад Монгол Улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодоггүй юм. Тусгаарлагдаж байгаа бол үүргээ биелүүл. Хэрэв та шийдвэрээ гаргаж онгоцоор ирж байгаа бол үүргээ биелүүл.

ТУСГААРЛАГДСАН ДОЛООН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.НЯМХҮҮ:

-Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй. Уушгины хатгалгаагаар өвдсөн 12 хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 218 хүн тандалт эмчилгээнд хамрагдаж байна. Халдвар авсан иргэдэд урам өгсөн захидал илгээж буй олон хүн байна. Эмчлэгдэж буй халдвар авсан хүмүүсээ бидний нэг, эх орондоо ирэх ёстой гэж сайхан сэтгэлээр сэтгэлийн дэм өгч байна. Сэтгэлийн дэм бол эмчилгээний 50 хувь нь юм. Тиймээс бие биенээ муулахгүй байхыг хүсч байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ

-Дэлхий дахинд амны хаалтаа зүүх, зайтай харьцах, хэсэгчилсэн хөл хорио тогтоох, хичээл сургалтын үйл ажиллагааг зайнаас явуулах нь халдвараас сэргийлэх чухал арга болоод байна. Олон улсад эмч нарын хүрэлцээ муу байна. Дэлхий нийтээр маш олон эрүүл мэндийн ажилчид өөрсдийн санал хүсэлтээр дайчлагдан ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллага эмч ажилчид сэтгэлээрээ ажиллаж байгаа шүү. Иргэддээ хандаж хэлэхэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалъя.

ТУСГААРЛАГДАХ БАЙРАНД ЗӨРЧИЛ ГАРГАСАН ИРГЭДИЙН ОВОГ НЭРИЙГ ЗАРЛАХГҮЙ

ЭМЯ-ны албаны мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн цэргийн алба хаагчдын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

– Катараас үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагчид ирж байна. Тэднийг тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авна. Шинжилгээний хариу маргааш гарна.

Тусгаарлагдах байранд зөрчил гаргаж буй хүмүүст хариуцлага тооцох тухай яригдаж байгааЗөрчил гаргасан иргэдийн овог нэрийг зарлах хэрэгтэй гэдэг асуудал яригдаж байна?

-Тусгаарлагдаж буй иргэдийн ихэнх нь зөвлөмжийг сайн дагаж мөрдөж байна. Зарим элдэв зан гаргасан хүмүүсийн тухайд хүний эрхийг хүндэтгээд овог нэрийг нь зарлахгүй.

Хэрэглэсэн амны хаалтыг дахин боловсруулж үйлдвэрлэх тухай яригдаж байнаДаавуун амны хаалт зүүх нь халдвараас сэргийлж чадах уу?

-Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольж, гялгар уутанд хийж хаях хэрэгтэй. ДЭМБ болон бусад байгууллагууд нэг удаагийн амны хаалт зүүхийг уриалж байгаа ч маскны хомсдолд орж байгаа үед маск зүүж хэрэглэхийг зөвлөж байна. АНУ-ын хувьд N95 шүүлтүүртэй маскны хомсдол эмнэлгийн ажилчдад үүссэн. Харин маскыг дахин боловсруулж үйлдвэрлэх технологи хэрэглээнд нэвтрээгүй байна.