УУРХАЙД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Баянбулаг” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж 1 иргэн дарагдсан тухай дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 8 алба хаагч аврах ажиллагааг зохион байгууллаа.
Алба хаагчид ослын газарт аврах ажиллагааг шуурхай явуулж, далд уурхайн нурж буй шороо, чулууг цэвэрлэж, гар татуурга байсан хэсгээс доош босоо малталтад нурсан шороо, чулуулгийг зайлуулж, 1,4 м3 буюу 2 тн уулын цул /шороо, шавар, чулуу/-ыг зөөвөрлөж 20 метрийн малталтаас 1 иргэний цогцосыг гарган ажиллалаа.