Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас зохион байгуулна.

Энэ үеэр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар хөдлөлтийг үүсгэх “Shaking table” төхөөрөмжийг суурилуулж,  “Улаан” түвшний /7 баллын/ чичирхийлэл үүсгэснээр газар хөдлөлтийн амжиж анхааруулах систем автоматаар ажиллан нийслэлийн  дуут дохиоллын 60 цамхаг дуугарч иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ.

Түүнчлэн сэрэмжлүүлэг мэдээллийг дуут дохиоллын 60 цамхаг, цамхагийн 10 дэлгэц, 19 телевиз, 6 ФМ, 4 кабелийн телевиз, үүрэн телефоны 4 оператор, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 лед дэлгэц, е-mongolia аппликейшнээр тус тус нэгэн зэрэг иргэдэд мэдээлж ажиллана.

Тиймээс иргэд гэрээсээ гарах болон аюулгүйн талбайд очих шаардлагагүй бөгөөд гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.